Уннүри Монгол Чуулганууд

 

Бидний Аврагч бөгөөд Эзэн Есүс Христийн нэрээр мэндчилье!
1996 оны 7-р сард Уннүри Монгол Чуулган Собингу Уннүри Чуулганы дэргэд таригджээ. Уннүри Монгол чуулган бол БНСУ-д Солонгос чуулгануудын байгуулсан хамгийн анхны гурван Монгол чуулганы нэг байлаа. БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байсан Монголчуудад хандсан сайн мэдээний үйлчлэл чуулганы хэмжээнд хүрч үйлчилж эхэлсэн нь энэ билээ. Уннүри Монгол чуулганд хамгийн анхлан үйлчилж, орчуулагч хийн тусладаг байсан хоёр сайн дурын үйлчлэгч нар нь Ө.Тунгалагтуул, Алтанзул хоёр байсан юм. Энэ цагаас эхлэн Собингу Уннүри чуулганы дэргэд Монгол ажилчид, оюутнууд Ням гараг бүр олон арваараа цуглаж хүндэтгэл мөргөл өргөж эхэлжээ.

Энэ мөчөөс хойш хорин нэгэн жил өнгөрч 21 жилийн ойн баяраа угтан авч байна. Энэ бүх цаг хугацааны туршид олон тооны Солонгос пасторууд, илгээлтийн эзэд, ахлагч нар, үйлчлэгчид, мөн сайн дурынхан Солонгост буй Монголчуудын төлөө үйлчилж, өөрсдийн амь амьдралаа бүрэн зориулсан билээ. Тэд өвчтэй нэгнийг эргэж тойрохоор эмнэлэгт очдог байлаа. Мөн ажил, цалин хөлс, хууль зүйн тусламж зэрэг асуудлуудыг компаний захирлуудтай уулзаж шийдвэрлэж өгдөг байв. Мөн гэр орноор нь зочилж, амьдрал ахуйтай нь танилцаж, нөхөрлөн тэдний төлөө залбирдаг байв. Зуны хөтөлбөр, Монгол наадам, Цагаан сар, спорт өдөрлөг, газар үзэх зэрэг хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж, ажиллаж сурч буй Монголчуудын сэтгэлийг сэргээж, хооронд нь нөхөрлүүлж, тал бүрээр дэмждэг байлаа. Солонгос ах дүү нарын хайр ба зориулалт хязгааргүй их билээ.

Мөн Монгол ах дүү нар ч элэг нэгт, нутаг нэгт ах дүү нарынхаа төлөө үйлчилж, өөрсдийгөө бүрэн зориулдаг байлаа. Зарим нь Солонгос буй Монголчууддаа туслан үйлчлэхийн тулд эх нутгаасаа нааш илгээгдэж, зорин ирдэг байсан бол зарим нь энд байх хугацааны Христэд итгэж, сургагдаж бэлтгэгдэн, бусдынхаа сайн сайхны төлөө үйлчилдэг байсан билээ.

Монгол, Солонгос ах дүү нарын хамтын үйлчлэлээр дамжуулан олон хүмүүс сүнслэг хийгээд бодит тусламж дэмжлэгийг хүртсэн. Уннүри Монгол чуулганд хамрагдсан олон хүмүүс Христийг Аврагч Эзэнээр хүлээн авсан. Тэд дагалдагч, удирдагч болон бэлтгэгдэж, зарим нь эндээ үлдэн үргэлжлүүлэн үйлчилж, зарим нь эндэх үйлчлэлээ дуусган эх орондоо буцаж, сүм чуулганыг байгуулан, мөн байгуулалцан үйлчилж байгаа билээ. Олон тооны хүмүүс чуулганы тусламж дэмжлэгээр эрүүл мэндийн хийгээд төрөл бүрийн тусламж авсан. Энэ нь зөвхөн Христэд итгэсэн хүмүүст энэхүү тусламж хүрсэн юм биш, Христэд итгэсэн эсэхээс үл хамааран итгэгчдийн халуун сэтгэлийн тус дэмийг хүртсэн билээ. Тиймээс 1 Коринт 15:58-д өгүүлсэнчлэн, бидний нөр их хөдөлмөр, үйлчлэл “хоосон” байгаагүй.

Өдгөө дөрвөн өөр хотод дөрвөн Уннүри Монгол чуулган үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл Собингу (Сөүл), Ансан, Пёнтек, Инчон чуулганууд өөр өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, Монголчууддаа хүрч үйлчилж байгаа билээ. Одоогийн байдлаар Собингу Уннүри Монгол Чуулганд Л.Ган-Отгон пастор үйлчилж байна. Ням гараг бүр 14:30-д цуглан хүндэтгэл өргөдөг бөгөөд 010-2190-9304 утсаар холбогдон чуулганд хамрагдах боломжтой. Ансан Уннүри Монгол Чуулганыг Б.Бэрхээ ахлагч хариуцан үйлчилж байна. Ням гараг бүр 10:30-д Ансан М Төвийн Баяр Хөөр танхимд хүндэтгэл өргөдөг. Та 010-8188-8545 утсаар Бэрхээ ахлагчтай холбогдон чуулганд хамрагдах боломжтой. Пёнтек Уннүри Монгол Чуулганы ахлагчаар Ч.Долгормаа үйлчилж байгаа бөгөөд Ням гараг бүр 11:30-д Пёнтек М Төвд хүндэтгэлийн цуглаан хийдэг. Та 010-2354-6588 утсаар холбоо барин илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Пак Чанг Хун ахлагч Инчон Уннүри Монгол Чуулганыг хариуцан үйлчилж байна. Ням гараг бүр 14:00 цагт Инчон Уннүри Чуулганы байранд хүндэтгэл мөргөл өргөдөг тул 010-2267-9531 утсаар холбогдон чуулганд хамрагдах боломжтой юм.

Уннүри Монгол чуулган бүр долоо хоногийн дундуур өөр өөр хөтөлбөртэй байдаг тул чуулганы пастор ахлагч нартай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч чуулганд хамрагдан Христийн тухай илүү ихийг таньж мэдэн, элэг нэгт Монголчуудтайгаа танилцан нөхөрлөж, чуулганы төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдахыг хүсч байна.

Бурхан Эзэн таныг ерөөн сахих болтугай!